Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 86 дугаар Ерөнхий чуулганд Монголын төлөөлөгчид оролцож байна

    viber image OIE

    Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 5 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 86 дугаар Ерөнхий чуулганд оролцож байна.

    Чуулганы эхний өдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг албан ёсны нээлтийн ажиллагаанд оролцож, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн зорилтын талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгөв. Мөн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ассамблейн дарга доктор Ботле Майкл Модисан, дэд дарга бөгөөд шинээр сонгогдох дарга доктор Марк Шип, Казакстан Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Гульмара Исаева, Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны дэд сайд Ву Фам Там, Евро Азийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалт хариуцсан сайд Валерий Корешков нартай хоёр талын уулзалт хийв.

    viber image OIE 2

    Мөн айлчлалын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Баттөр болон бусад төлөөлөгчид Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хоёр талын уулзалт хийсэн бөгөөд уулзалтаар талууд хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд цаашдын хамтын ажиллагааны тодорхой чигийг тохиролцсон юм.  Мал эмнэлгийн албаны бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас онцгой ач холбогдол өгч ажиллаж байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөмжийн үр дүнд Монгол Улсын мал эмнэлгийн алба олон улсын жишигт хүрч, хүний нөөц бэхжиж, мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглээд энэхүү салбарт нягт холбоотой хамтран ажиллахыг хүссэн юм.