Embassy of Mongolia in France

Embassy of Mongolia

  • A- A A+
  • Flux RSS
  • Suivez nous sur twitter
  • “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

    Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамнаас 2 дахь жилдээ “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлаж байна.

    2015 онд зохион байгуулсан анхдугаар “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтад нийт 19 холбоо, ДТГ-д (ХБНГУ, БНАвстриУ, БНЧУ, АНУ, ШВУ, БВУ, БНПУ, Япон болон Австрали) оролцов. Энэхүү уралдааны тэргүүн байрт АНУ-ын Сан-Франциско дахь Бэй-Ариагийн монголчуудын холбоо, дэд байрт Швед дэх монголчуудын үндэсний холбоо тус тус шалгарсан.

    ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Наадмыг олон улсад сурталчлах, гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн санал санаачилгаа, хамтын ажиллагааг хангахад чиглэгдсэн тус арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан болно.

    Уралдаант шалгаруулалтад түрүүлсэн оролцогчид Үндэсний Их баяр наадмын зохион байгуулах комиссоос мөнгөн шагнал, бусад оролцогч нарт дурсгалын гэрчилгээ олгохоор төлөвлөөд байна.

    “МИНИЙ МОНГОЛ НААДАМ”
    УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР

    Нэг. Зорилго
    ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол наадмыг сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан, алдаршуулах юм.

    Хоёр. Ерөнхий зохион байгуулагч
    Үндэсний их наадмыг зохион байгуулах комисс “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчдыг шалгаруулна.

    Гурав: Наадам зохион байгуулахад тавигдах шаардлага, шалгуур
    “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдаанд хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг, иргэд (цаашид оролцогч гэх) оролцоно. Оролцогч бүр комисст 2016 оны 7-р сарын 1-ний дотор бүртгүүлсэн байна.

    “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчийг шалгаруулж байр эзлүүлэхдээ дараах шалгуурыг баримтална. Үүнд:

    i. Нийт оролцогчдын тоо 1-5 оноо
    ii. Тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд
    нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо 1-5 оноо
    iii. Жиргээ (Твитер)-нд авсан Re-tweet тоо 1-5 оноо
    iv. Нүүр номны (Фэйсбүүк) Like-ын тоо 1-5 оноо
    v. Эрийн гурван наадмыг хамруулсан байдал 1-5 оноо
    vi. Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ 1-5 оноо

    Дөрөв. Тайлан ирүүлэх.
    “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” зохион байгуулсан тайланг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор Монгол Улсын Гадаад хэргийн яамны dep08@mfa.gov.mn болон www.facebook.com/ Mongolian-Naadam-festival 2016 хаягаар цахим хэлбэрээр оруулах, бөгөөд тайланд дараах зүйл багтсан байна.

    Энэхүү зааврын 3-р бүлгийн i-vi-д заасан мэдээлэлэл, баримт, видео, фото,
    Зохион байгуулсан наадмын албан ёсны хөтөлбөр, зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, холбоо барих хаяг,
    Санхүүгийн тайлан.

    Тав. Санхүүжилт.
    “МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-ыг тухайн улс, хотод зохион байгуулах зардал, тайлан ирүүлэх зардлыг тухайн наадмыг зохион байгуулагч уралдаанд оролцогчид өөрсдөө хариуцна.

    Зургаа. Шагнал урамшуулал.
    “МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-ыг амжилттай зохион байгуулсан 3 оролцогчийг шалгаруулан Үндэсний их наадмыг зохион байгуулах комиссоос шагнал гардуулна.

    Бүртгүүлсэн бүх оролцогчдод дурсгалын гэрчилгээ гардуулна.

    Байр эзэлсэн оролцогчдыг Монгол Улсын хэвлэл мэдээллээр сурталчлах ажлыг Гадаад хэргийн яам хариуцна.

    Actualités